Ангилал: өгүүллэг
Хаа нэгтээгээс...
Ээжийнхээ ширүүхэн дуугарсан хатуу үгэнд гомдож уурлан, бухимдсандаа дотор минь бачууран уур мунхагийн мананд согтууран хөлчүүрхэж суутал хаа нэгтээгээс -Чи юундаа дуугүй ,дүлий дүмбэ оргиод байгаа юм бэ? Чамайг ингээд юу ч хэлэхгүй байгаа болохоор улам давраад дээрэлхээд байгаа байхгүй юу даа. Ах чинь урдаас нь юм хэлчихдэг болохоор загнаад сүржигнээд байдаггүй .Тийм биз дээ гэх бассан , дуу надад сонсогдов.
Тэр дуу намайг улам ч сонсог гэсэн шиг эгдүүг минь хүргэхэд хайрлаж нандигнан мөнгөө хадгалдаг шаазан хүүхэлдэйгээ санамсаргүй шүүрч аваад хаалга руу хүчтэй гэгч чулуудчихлаа. Үсээ сөөсийтэл хоёр талдаа боочихсон нүдээ онийлгон амаа байдгаараа ангайтал инээчихээд газар шүргэсэн том хувинтай сүүг хоёр гартаа бариад дааж ядан алхаж байгаа шаазан хүүхэлдэй минь хаалганд хүрэлгүй эргэлдэн эргэлдэн эрчилсээр улалзан асаж байгаа зуухны аман дээр тасхийтэл тэсрэн унахад мөнгөний шархийсэн чимээ, шаазан баримлын хагархай хэлтэрхий талаар нэг цацран хөглөрөхөд хаа нэгтэйгээс -Урай,урай, маш сайхан онолоо гэж уухайлан хөгжилдэх нь дуулдав.
Санаандгүй шидсэн зүйл минь ийм юм болно гэж төсөөлөөгүй болохоор багалзуурдан зовоож байсан уур гомдол минь салхинд хийсгэсэн үнс адил хийсэн одож ухасхийн очиж харахад зуухны амны нимгэн төмөр шамшийн дотогшоогоо чихэгдэж талаар нэг хөглөрсөн мөнгөн дунд шаазан баримлын хэлтэрхийнүүд өнгө алаглан гайхаж ширтэнэ. Омогт сэтгэлийн шагналаа горьдон сууугаа надад хаа нэгтэйгээс -Бүх юм өнгөрсөн, гүйцээ гэсэн харууслын дуу аяархан шивнэв.
Шаазан хүүхэлдэйнийхээ хагархай хэлтэрхийг нулимс, уучлалтайгаа цуг хамж боогоод асгарч цуварсан мөнгийг тоолтол илүү ч үгүй дутуу ч үгүй яг найман мянга нэг зуун төгрөг. Ээждээ бэлэг авна даа гэж цуглуулж байсан бүх мөнгөө аваад дэлгүүрээс цавуу худалдаж ирлээ.
Үргэлж инээмсэглэж байдаг нүүр нүд нь авахын аргагүй үйрч бутарсан байлаа . Гэгээн сайхан дурсамжтай түүхүүд , ээжийн минь хайр ,итгэл зүрх шингэсэн болохоор үйрсэн бутарсан хэлтэрхийгээ нийлүүлж өдөржин шөнөжин сууж хүүхэлдэйгээ эвлүүллээ. Хэдий бүтэн болсон ч сайтар ажиглавал нүүр ам ,гар хөл битүү шарх сорви, урдаас ангайтал ,байдгаараа инээсэн инээд ч үгүй, цалгин халгин асгарах шахсан сүүтэй хувин ч цоорхой ч юм шиг санагдаж нарийн ажиглавал мөнгө хийж хадгалдаг амыг нь битүүлчихсэнээ харлаа.
Уур хилэнгийнхээ гашуун амтанд алгадуулсан би енгинтэл орилож асгаруулан уйлахад хаа нэгтээгээс -Хүү минь энэ чинь амьдралын үнэн шүү дээ гэх аргадан тайтгаруулсан зөөлхөн дуу сонсогдов.
2013 он Б.Бүжинлхам ." Хаа нэгтээгээс...." Дархан -уул
