Ангилал: өгүүллэг
Хаалга
Хажууд минь хэвтээд унтаж байсан хань минь намайг унтсан гэж санасан бололтой чимээгүйхэн босоод хувцсаа өмсөөд сэмхэн сэмхэн гэтсээр хаалгаа зөөлхөн хаагаад гараад явчихлаа.Би унтсан дүр үзүүлсэн хэдий ч яах гэж байгааг нь мэдсэн ч мэдээгүй юм шиг, царайлан , дуудъя гэсэн боловч дуудахыг хүссэнгүй, хаашаа явж байгааг нь нэгэнт тааварласан болохоор хориглосонгүй.
Удахгүй ороод ирэх болов уу? гэсэн горьдлого тээн чимээ чагнан хүлээсээр шөнийн нэг цаг өнгөрлөө. Арай ч үгүй байгаадаа хажууд минь, халуун өвөрт минь, хамтдаа хэвтэж байгаад явчихлаа гэж үү? гэж бодохоос зангирч байсан нулимс хацраа даган урссаар дэрлэж байсан дэрээ норгоход “Зовлонтой ч гэсэн орондоо уйлдаггүй шүү дээ “гэж бодон босч өвдгөө нугалан суув. Юу болж буйг ухаарч мэдээгүй өөдөсхөн хүү минь зүүдэндээ жаргалтай байгаа бололтой “ход ход” хийн үнэгчилэхэд –Чи минь ч гэсэн жаргалтай байвал болж дээ гээд духан дээр нь үнслээ.
Нөхөр бид хоёрын амьдралын баяр баясгаланг орчлон дэлхийг эзэлсэн энэ түнэр харанхуй нөмөрсөн мэт сэтгэл минь гэрэл эрэн тэмтчинэ. Хайрлаж дурласан хань минь өдрөөс өдөрт хүний хүн шиг болсоор нэлээд хэдэн сарыг үджээ. Зүрх сэтгэлээ, ариун биеэ харамгүй өгсөн миний жаргалтай инээд, итгэл минь хором хормоор багассаар байлаа. Хичнээн хичээгээд байх тусам биднийг холбосон нандин холбоо сэмэрсээр сэмэрсээр л.
Юу болж байгааг зөнгөөрөө мэдэрсэн ч анхандаа зориглон асууж чадсангүй. Үе үе оройтож ирээд хүлээсэн сэтгэл, хийсэн хоолыг минь ч тоолгүй -Зөндөө их ажилтай байсан. Ядраад гээд ярихыг ч хүсэхгүй унтаад л өгнө. -Нээрэн ч, тийм байхдаа гэж хайртыгаа зөвтгөн итгэл хүлээлгэсээр . Хүүхдээ ч эрхлүүлэхгүй, намайг ч таалахгүй нэг л хөндий, нэг л уйтай мөчүүдэд би гацаад ганцаардал гуниглалын сүүдэртээ даарч жиндэж хононо. Асуухаар ажил төрөл гээд аятайхан инээж эвтэйхнээр амыг минь таглах нөхрөө -Арай ч үгүй биз гэсэн итгэлээр шагнаад нэгэн сарыг өнгөрлөө.
Уучлал уйтгар минь түүнд хүрсэн ч зүрхэнд нь шингэлгүй татаад хаясан тамхины иштэй нь хамт хогийн саванд хаягдчихлаа. Нэгэнт хогийн саванд орсон уучлал минь уур бухимдал болон хувирсан ч түүндээ бурууг өгч чадалгүй зөндөө удлаа. Яалт ч үгүй миний хань гэж бодохоор тэр минь урьдын адил сайхан харагдаад болдоггүй, энгэрт нь эрхэлж хономоор, энгэрт нь бүлээсч жаргамаар.
.Хань минь гоёж гоодоод утас чагнаад хэн нэгнийг үгүйлээд, байнга байнга санаа алдаад, ярьж хөгжихгүй, уйтгартай, дүнсгэр намрын өдрүүд шиг суух нь даанч өрөвдмөөр бас хайрламаар харамсмаар. Ингэж бодсоор үүр цайхыг ч мэдэлгүй өнгөрөөлөө.
Удахгүй ажилдаа явна даа , гээд хэсэгхэн зуур зүүрмэглээд өглөөтэй золголоо.Есөн цаг болоход нөхөр минь юу ч болоогүй юм шиг нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар орж ирлээ .-Яагаад чи одоо ирж байгаа юм бэ? Хаачаад ирэв гэсэн шаардсан миний асуултанд -Шөнө найзындаа хөзөр тоглоод ирлээ.гээд хувцсаа солихоор нөгөө өрөөнд ороходоо өмсөж байсан ноосон цамцныхаа захыг босгоод хүзүүгээ хэн нэгнээс нуусан байдалтай хулмалзаж байхыг харав. –Хүзүүгээ яачихсан юм бэ? Алив гээд үзтэл мэдээж, дурлалын халуун тэмдэг нь байсаар байтал –Хожигдоод шийтгэл нь энэ. Чимхэж татаад улайлгачихаад гээд хүүхэд хуурч байгаа юм шиг инээв. –Чи итгэнэ биз дээ Чамайг уурлана гэж бодоод шөнө явсан юм. Дараа нь алдсан мөнгөө эргүүлж авна гээд хувцсаа солиод миний улайж бөлцийсөн нүдийг ч анзааралгүй хаалгаар гараад явчихлаа.
Хүүхдээ цэцэрлэгт хүргэчихээд сэтгэл санааны гуниг гутралаа хаалганы гадна орхичихоод хиймэл инээмсэглэл тодруулсаар ажилдаа орлоо. Гэсэн ч хуурмаг амьдралын мананд би намрын цэцэг шиг гундаж байгаагаа мэдрэв. Өрх гэрийнхээ дотор болж байгаа нөхцөл байдлаа нөхрийнхөө талынханд хэлэхэд надаас өмнө мэдчихсэн, намайг өрөвдөөд хэлэхээс эмээгээд, яалт ч үгүй байдалд ороод байгааг мэдрэв.. Нөхрийн минь нөгөө хүүхэн нь ганц бие , холбооны газар залгагч хийдэг бас сургуульд орох насны охинтой гэдгийн мэдээд очоод уулзмаар санагдсан ч бас л чадсангүй. Өөрөө үр хүүхэдтэй , эхнэртэй гэдгээ мэдсээр байж түүнийг хайрласан эр нөхөртөө , өөртөө л бурууг өгнө. Ганцаараа амьдарч байгаа тэр эмэгтэйд бурууг өгч чадсангүй. Мэдээж хань нөхөртэй болохыг хүсэхгүй хэн байхав дээ . Энэ л өөрөө хэлэлгүй байсаар байгаад байдал минь хүндэрчихлээ дээ гэж бодохоос өөр бодол төрөхгүй байлаа. Эцэст нь түүний хамгийн том ахад нь хэлэх эцсийн найдвар гэдгийг мэдээд та л нөхрийг минь ухааруулж эргүүлж чадна гэсэн итгэл үлдээгээд гэртээ ирлээ.
Галаа түлээд удаагүй байтал гаднаас нөхөр маань улаан галзуу юм шиг уурлан хашгичсаар орж ирээд юу ч асуулгүй намайг зодож эхлэхэд нөхрийн эгч намайг өмөөрөн салгахад хөөрхий үр минь уйлж ээрэн хувцаснаас минь зуурч авав. Нулимсандаа халтартсан би хүүгээ дагуулаад гарах гэснээ өөрөө орох оронгүй мөртлөө хүүгээ хаана аваачих вэ? Гэж бодон уйлуулсаар хаалгаа хаалаа. Нөхрийнхөө том эгчийнд үр минь яаж байгаа бол ?гэсэн сэтгэл, уучлалыг горьдон сар орчим амьдарахад намайг хэн ч гуйж ирсэнгүй, утсаар ч ярьсангүй. Хүлээгээд хүсээд байдаг хайр минь улам ч холдоод, дордоод л байлаа.
Намайг гэртээ ирснээс хойш нөхөр –Чи гэртээ харь даа. гэж хэлэх нь ихсэж гэртээ ирж хонох нь цөөрөхөд би энд илүүдэж байгаагаа ухаарч тусдаа амьдрах байр сурагласаар түрээсийн байшин олоод өөрийн гэсэн жаал юмаа аваад хүүгээ дагуулаад тэднийхээс гарлаа.Хэдхэн хоногийн дараа хүүгийнхээ хувцсыг авахаар буцаж очтол нөгөө хүүхэн нь ээжийн минь цагаан сараар нөхөрт бэлэглэсэн цамцыг өмсчихсөн гал түлээд сууж байхыг хараад –Сайн байна уу? Гэж мэндлэхэд тэрээр –сайн гээд өргөс зүүнд хатгуулсан аятай ухасхийн гэрээс гараад зогсчихлоо. Нөхөр минь сүүлийн хоёр жил аваагүй усаа авчихсан тэргэнд түрээд орж ирэхийг цонхоор ажиглан суув
-Би чамаас салъя даа, Нэгэнт ийм болсон болохоор эртхэн салсан дээр байх. Гэрлэлтээ шүүхээр салгуулъя. Хүүхдийнхээ хувцсыг авахаар ирлээ гэхэд –Тэгье , Чи нутаг руугаа буцах хүртлээ хүүгээ над дээр байлга, Явахдаа авчих гэж гуйж аргадсан дуугаар хэлэхэд яаж ч чадсангүй -За , би нутаг руугаа явахдаа авна шүү гээд хувцсыг нь авалгүй тэндээс гарлаа.
Шүүх ч миний талд асуудлыг шийдвэрлэж би нутаг руугаа буцах бэлтгэлээ хангаад хүүгээ авах гэж хоёр дүүгээ дагуулаад буцаж ирэхэд хашаан доторх танил зүйлүүд урьдын адил хэв хэвээрээ өмнөөс угтана. Баавгай маань биднийг таниад сүүлээ шарвагануулан эрхэлж урдуур хойгуур гүйх нь даанч хэцүү. Би танил хаалганы өмнө зогсоод зориглон алхаад орж орж чадалгүй хэсэг зуур тээнэгэлзэнэ.
Удалгүй эмэгтэй дүү элгэндээ өшиглүүлж эрэгтэй дүү минь толгойдоо шанаандаа цохиулж би өрөө нулимс, алганы амттай цуг нөгөө хаалгаараа хөөгдөж гарсан ч энэ удаа урьдын адил чимээгүй өнгөрсөнгүй. Үргэлж урсдаг нулимс минь дууссан байлаа. Шүүх цагдаа, эмнэлэг гэж гүйсээр нэлээд удаж хүүгээ авч чадахгүй нь гэсэн итгэл минь суларсаар. Өөрөөс минь унасан, яс махны тасархай бодохоор, түүнд итгээд орхиод явна гэхээр л сэтгэл минь харанхуйлж зүүдэндээ хүүгээ энхрийлж эрхлүүлсээр . Хүүгээ авч чадахгүй болохоор байгаа байдалтайгаа эвлэрч –За даа, аав нь байгаа болохоор хүүгээ аваад явчих юм байгаа биз дээ гэж бодоод маргааш явахаар билетээ захилаа.
Гэнэт утас дуугарч –Би хүүгээ чамд өгөхгүй, харин чи нэг сар гэртээ байлгаад авчирч өгвөл хүүгээ өгье гэсэн хариуг зөвшөөрөөд өглөөний зургаан цагт тэдний гэрийн ойролцоо хүүгээ хүлээн зогсож байв. Хүү минь аавдаа тэврүүлээд нэг гартаа машин барьчихсан ирж байгааг хараад –Ямар ч байсан аваад явахад учрыг нь олно доо гэж бодон өмнөөс нь угтан алхлаа. –Яг найман сард авчраарай гэж хэлээд хүүгээ духан дээр нь үнэсчихээд надад цагаан тортой зүйлийг өгөөд –Энэ хүүгийн хувцас гэж хэлээд үрийнхээ дагаж уйлахыг сонссон ч эргэж харалгүй буцаад явчихлаа.
Хүүгээ тайтгаруулж тэвэрч үнсээд нулимсыг нь арчихад хүү минь дороо тайтгарч хүзүүгээр минь эрхлэн тэврэв. Магнайгаа хагартал баярласан би үрээ тэврэн хурдан хурдан алхсаар машинд суун явахдаа торон доторхыг нээн үзвэл нэг боодол жигнэмэг солих нэг ээлжийн өмд цамц байлаа.
Машин дотор хүү минь өвөр дээр минь эрхлэн нялхрах зуураа-Ээж ээ, аав таны бүх зурагны нүдийг нь тамхиараа цоолоод толгойг нь хайчлаад хаячихсан шүү дээ гэж хэлэхэд-өө, тэгээ юу . За яахав, хоёулаа дараа гоё зураг авахуулна .Аав нь дахиж тэгэхгүй байх даа тийм үү? Гэхэд-хүү минь Тийм ээ, ээжээ хайшаа явж байгаа юм бэ? Гэр лүүгээ юу? гэж шулганасаар онгоцны буудал дээр ирлээ.
Дурлал хайрын жаргалыг, хагацал гунигийн нулимс дурсамжийг дөрөвхөн жилийн дотор адилхан харамгүй өгсөн чи минь баяртай .Уучлаарай одоохондоо би чамд хүүгээ өгч яасан ч чадахгүй. Чамд итгэж найдаад энэ удаа өөрөө унасан ч дахиж хүүгээ унагаж гэмтээж чадахгүйн. Би хүүгээ хүн шиг хүн , эр хүн шиг хүн болгочихоод чамтай уулзуулах гэж авчиръя даа. Нэлээд хугацаа орох л байх даа Миний хувьд чиний хаалга ахиж нээгдэхгүй болохоор би өөрөө өөрийнхөө амьдралыг олж хайхаар явлаа. Гэхдээ би ганцаардахгүй ,учир нь би гараас минь хөтлөх хүүтэй шүү дээ. Амьдрал ингээд дуусчихгүй , сайхан амьдрал биднийг угтах ч юм билүү гэж бодох зуур онгоц газраас хөөрөн эрчээ аван дээшилсээр дээшилсээр....
2013 он Б.Бүжинлхам. “Хаалга” өгүүллэг
