Ангилал: өгүүллэг
Би чамд хайртай
Сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй бүсгүйг орчлон хорвоод төрж мэндлэх үед ээжид нь юу ч байгаагүй учраас өөдөсхөн жаахан охиноо асрамжийн газарт итгэж найдаад сэмээрхэн зугтаажээ. Охин бусдын дэмэнд өссөөр нас биенд хүрсэн ч сэтгэл нь нэг л гундуу , дуу цөөтэй, зожиг ганцаардмал, дотогшоо нэгэн болжээ.
Анх удаа сайхан залуутай учирч хэн гэдгийг нь асуулгүй шууд дурлалын цэцгээ бэлэглэтэл дурлал нь уучлал ухаарлын зурвас сэмхэн үлдээчихээд аяны шувууд шиг зэллээд ганганаад холдлоо. Ахиад хайртайгаа учирахад сэтгэл зүрхэнд нь онгойсон хар нүх үлдээчихээд хаврын яргуй шиг эрт хагдарсанд бүсгүй сэтгэлээр унаж намрын навчис шиг гундаж шарлажээ. Хичнээн хичээх тусам бүтэлгүй явдлууд ар араасаа өдөр сар шиг цувран ирж удахгүй ажлаасаа ч халагдаж, мөнгөөр сэтгэлээр дутаж , дутагдаж эхэллээ.
Олон ч байгууллагын үүдэнд бөхөлзөж цагаа, нэрээ барсан ч түүнийг хэн ч урьсангүй, хэн ч өрөвдөж хайрласангүй тул дэмий л хувь заяандаа гутран гунигласаар өдөр хоногийг арай чүү өнгөрөөнө. Төлөх мөнгө байхгүй учир түрээсийн байрны эзэн өдрөөс өдөрт дарамтлан шахаж, мөнгөний гашуун амтаар өдөртөө хэд дахин зодох нь залуу бүсгүйд хичнээн хэцүү, ширүүн байгааг анзаарах сөхөөгүй хилэгнэнэ. Идэх хоол ч хоолойгоор давахгүй ийм хүнд нөхцөлд амьд явах нь утгагүй мэт санагдаж үхлийн хаалгыг сэмээрхэн тогшиж эхэллээ. –Хэн ч надад байхгүй, намайг хэн өрөвддөг юм бэ?, хэзээ? Хэн? надад тусалсан юм бэ?, намайг үхэхэд хэн уйлах юм бэ? гэсэн эрээвэр хураавар түмэн бодолд дарагдаж өөрийгөө –Нээрэн ч би хэнд хэрэгтэй юм бэ? гэж бодох тусам бараан хүйтэн дурсамжууд бодол дотор нь инээлдэж –Хүүе ,царай муут, азгүй тахиа минь чи ингэж амьдарна даа? гэсэн шиг дооглон тохуурхана.
-Яагаад, яагаад та надад энэрэлгүй хандана вэ? Хэзээ хийсэн үйлийн үр юм бэ? Зарим хүнд нь хэтэртэл өгчихөөд, зармыг нь юунд ингэж алагчилна вэ? гэж хоолойгоо сөөтөл хашгиравч хувь заяаны эзэн чихгүй юм шиг дүмбийсээр, хэлгүй юм шиг гацсаар, нүдгүй юм шиг харахгүй байсанд бүсгүйн зүрх тэсвэр алдан гашуунаар уйлж байснаа-За яахав, надад өчүүхэн ч итгэл найдвар байхгүй юм биз дээ. Маргааш гүүрэн дээрээс үсэрч унаад зовлонтой амьдралаа дуусгахаар шийдээд хэвтлээ.
Сэтгэл санаа нь хөнгөн сайхан болжээ. Юунд ч найдахгүй, хэнийг ч хүлээхгүй зөвхөн унтаж амраад үхэх нь хамгийн зөв сонголт гэж шийдээд унтлаа. Ургах нарнаас өмнө босч өөртөө зориулж аягахан цай хийж уугаад, уртаа гэгч санаа алдчихаад , сүүлчийн удаа хамгийн сайхан хувцсаа өмсөөд хотоос зайдуу орших гүүрэн дээр очиход. –Охин минь, хурдал. Хурдал гэсэн шиг сэвшээ хонгор салхи үлээж угтав. . Азгүй амьдрал чи ингээд дууслаа .Ахиад яасан ч хүн болохгүй гэж бодох тусам сэтгэлд нь гэрэл гийж зүрхэнд нь онгойсон хар нүх багасах шиг сэтгэлийн гэнэн хөндүүр арилах шиг .
Гэтэл өвчинд шаналж ,өнөө маргаашгүй үхэх гэж байгаа юм шиг царайтай нэгэн өвгөнтэй тааралдлаа. Нэг талын гар хөл саанд дайруулж мэдээгүй болсон мөртлөө ганц хөлөөрөө чүү ай гэж салганан чичирч чирч гулдарч явна . Нүд нь хонхойж ширгээд шанааны яс нь ёрдойж хацраа цоолох мэт эвгүй харагдана. Нүүрний өнгө зэвхий , хэдэн цөөхөн саарал үс салхинд хийсч туг тугаар ам хамар луу орно. Ам нь хатсан бололтой уруулыг нь тойроод цагаан цайвар өнгөр тогтсон бөгөөд амнаас нь хүн ойртохын аргагүй үнэр ханхлах нь дур гутмаар санагдсан ч бүсгүй –Та сайн байна уу? гэж эелдэгхэн мэндчиллээ.
-Ээ хүү минь. чи сайн уу? Хаа хүрэх гэж байна . –Би гүүрэн дээр ирсэн юм аа. Гэж бүсгүй хиймэл инээмсэглэл тодруулан хүчилэхэд –Хүү минь, чи бид хоёр адилхан улс байна. Чи намайг өргөөд мандаж байгаа нарыг харуулаад өгөөч гэхэд - Тэгэлгүй яахав дээ. гээд өвдөж шаналж байгаа амьтны сүүлчийн хүслийг ч биелүүлээд үхье дээ гээд өвгөнийг тэвэрч өргөн мандаж байгаа нарыг харуулжээ. Өвгөн хүнд ч гэсэн бүсгүй хатуужил тэвчээрээ шавхан өргөсөөр гар нь мэдээгүй болсон ч өвгөн буух янзгүй өндөр тавцан дээр гарсан аятай биеэ засан-Ай, гэгээн нар чи юутай сайхан юм бэ? Чамайг харах тусам би гэгээрч ухаарч улам залуужих юм . Ертөнц та хичнээн агуу ,баян юм бэ? Надад ямар сайхан зүйлийг бэлэглэнэ вэ? Чиний өгөөмөр сайхан сэтгэлийн ачаар би хичнээн олон хүнээс сэтгэлийн гайхалтай бэлгийг хүлээж авнам . Би энэ дэлхийн хамгийн баян хүн, эд эс бүхэнд минь хайр гэрэлтэж ,аз жаргал инээд намайг хүлээж байна . Би урт насалж хорвоогийн сайн сайхныг ханаталаа үзэх хувьтай хүн гэж хашгирахад өнөөх бүсгүй энэ үгийг сонсоод чимээгүй уйлчихлаа.
Энэ хорвоод хамгийн муу, азгүй хүн надаас өөр байхгүй гэж бодож байтал өөрөөс нь дор болчихсон энэ хүнийг хараад сонсоод, ичсэн ч яах гэж яваагаа хэлэлгүй – Та миний өвөө шиг хүн юм байна. Өвөөгөө санаад... Тэгээд уйлчихлаа. гэж хэлээд нулимсаа арчихад-Хүү минь баярлалаа чамд . Би өдөр болгон энэ гүүрэн дээр ирдэг юм. Өнөөдөр миний ач шалгалтаа өгөхөөр явсан учир ганцаараа ирсэн юм . Ач минь шалгалтаа өгчихөөд удахгүй ирнэ .Сайхан сэтгэлтэй тусч охин юм байна. Чамд баярлалаа гээд –Өвөөд нь үүнээс өөр өгөх зүйл алга гээд хэдэн ширхэг ёотон өглөө.-Баярлалаа би явъя даа гээд бүсгүй уриалгаханаар инээмсэглэж явах зуураа өлсөж байсан болохоор ёотонгоо амандаа хийсээр гэрийн зүг алхлаа.
Амьдрал тийм ч муу биш , эд эрхтэн минь эрүүл саруул байхад юу горьдоод? , хүнээс авах ёстой юм шиг хүлээгээд хүсээд байгаа юм бэ? гэж бодохоор өөрийгөө зэмлэж хэд цохиод авлаа. Ямар ч байсан шүдээ зуугаад зүтгэнэ дээ гэж бодоод гэртээ ирлээ. Өөрийнхөө үнэтэй гэсэн зүйлээ барьцаат газар тавьж нэг сарын түрээсээ өгөөд хоолны мөнгөө ч залгууллаа. Хамгийн сайхан аятайхан гэх хувцсаа өмсөөд өмнөх халагдсан газрынхаа даргын өрөөнд явж ороод- Дарга аа, та сайн байна уу? Би буцаад ирлээ. Нэг сарын хугацаанд танай байгууллагад цалингүй ажилна. Хэрвээ би амжилтанд хүрч ашиг орлогыг чинь хоёр дахин нэмэгдүүлж чадвал та намайг мэргэжилтнээр авч цалинг минь хоёр дахин нэмэгдүүл . Дараагийн сар нь түүнээсээ илүү ашигтай ажиллавал гурав дахин нэм.
Хэрвээ би ашиггүй ажиллавал танай байгууллагад таван сар үнэ хөлсгүй ажиллая гэсэн болзол тавихад үнэ хөлсгүй ажиллах ажилтантай боллоо гэж бодсон эзэн дуртай зөвшөөрч эргүүлэн авлаа. Бүсгүй хичээл зүтгэл гарган чармайн ажилласаар шөнө ч гэртээ харихгүй, зөвхөн ашиг орлогоо яаж нэмэгдүүлэх талаар л бодож ганцаардал гуниг гутралтай нөхөрлөх завгүй зүтгэсний хүчинд амжилтын од гийх шиг боллоо. Бүсгүй юм зарж худалдаж борлуулах унаган авъяастай байжээ.
Өглөөний нар шиг өөдрөгөөр ертөнцийг анх удаа харлаа. Цэцэгсийн өнгө ,тэнгэрийн үүл ,орчлонгийн одод ямар байдгийг мэдэрч баяслаа. Эзэн нь хэлсэндээ ч хүрч цалингаа нэмж ахлах мэргэжилтэн болгосноор бүсгүйн цээжинд итгэлийн үр соёолж нахилж эхлэхэд -Аз ивээдэг юм байна ,амьдрал намайг орхиогүй гэдэгт итгэжээ.
Цагийн аясаар өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр сайхан хүнтэй ч сууж санаснаар болж байтал гэнэт –Манайх шатаж байна. Хурдан ирээрэй. гэсэн нөхрийнх нь дуу утасны цаанаас сонсогдлоо. Амьсгаадсаар аахилсаар сандран иртэл арай гэж цуглуулж хуримтлуулж хөлс хүчээр боссон байшин, орон гэр нь шатаж дуусаад талаар дүүрэн хог новш овоорсон эмгэнэлтэй дүр зураг угтлаа. Хичээж байсан хөдөлмөр талаар болж оронд нь дутуу шатсан эд хогшил, утаа тортог л сэтгэлд нь үлдэж хиртүүлэхэд бүсгүй уйлсаар буцаад гүйчихлээ. --Хайран юм , хайран зүтгэл, хормын төдий үнс болчихлоо гэж үү? гэж бодон уйлж явтал замын уулзвар дээр хүүхдээ хөтөлсөн , хир дагиндаа баригдаж ,сайртаж халтартсан царайтай түмэн цоорхой болсон хувцасны тартаг нөмөрсөн хижээл авгайтай таарлаа.
Хүүхэд нь өлссөн бололтой –Ээж ээ, ам цангаад байна, хоол идмээр байна гэж уйлагнан хэлэхийг сонсоод –Эвий, энэ хүүхэд ,энэ ээжийг. Би юунд уйлаад байгаа юм бэ? Ажилтай нөхөртэй, мэргэжил мэдлэгтэй байж юунд ингэж гомдоод байгаа юм бэ? Тэр эд зүйл юу юм бэ? дахиад олоод авна шүү дээ гэж бодон –Хүүе, хүүе хүү минь, би чамд хоол авч өгье гээд нөгөө хүүхдийн гараас хөтлөөд авлаа. Хоолны сургаар хүүгийн нүдэнд баясал төрж авгайн нүүрэнд инээмсэглэл төрлөө. -Надад мөнгө одоохонд байхгүй ээ? гээд өөрийнхөө цагийг тайлан зарж ээж хүү хоёрыг цадтал хоололоо. Сэтгэл нь сайхан таатай байсан ч дахиж баярлуулахыг хүслээ. Барьж байсан утсаа ч зарж хүү ээж хоёрт таарч тохирох хувцас авч өглөө. Дээр нь хуримын бөгжөө сугалтал-Одоо болно оо дүү минь, гэгээн хайрын дурсгалаа өөртөө хадгалж яв. гээд болиулав.
Бүсгүйн хэцүү ,хүнд сэтгэл хөнгөрч инээмсэглэсээр нөхөр дээрээ ирлээ. Гайхаж ангайсан нөхөр нь сонсоод –Чи яагаад утсаа зарж өгсөн юм бэ?, ядахдаа өөрөө хэрэглэхгүй дээ гэхэд-Зүгээр ээ, надад бүхнээс үнэтэй хайр минь байгаа болохоор өөр юу ч хэрэггүй . Хоёулаа байгаа болохоор өмнөхөөсөө илүү сайхныг бүтээж босгоод авна гэж хэлэхэд нөхөр нь эхнэрээ тэврэн –Надад чамайг өгсөн бурханд баярлалаа гэж хэлэхэд бүсгүй энэ удаа уйлсангүй харин ч инээмсэглэж талархлаа.
Дэгжин дээшлэх амьдраллын илчинд тэр хоёр өмнөхөөсөө сайхан байшинтай бас машинтай болж итгэлийн гэгээтэй амьдарсаар байлаа. Хайрын сэтгэл нь халуун, ханийн энгэрт жаргалтай хэдий ч үр хүүхэд төрүүлэхгүй олон жил боллоо. Хүүхдийн инээд хайр дутаж хаа л явна хүүхэд харж тэврэх юмсан, эрхлүүлэх юмсан гэж хүсэвч хорвоо хясах нь хэцүү –Та хүүхэдтэй болох найдвар тун бага, бурханд итгэхээс –гэсэн эмчийн үгэнд сэтгэл нь шаналж өөрийгөө зүхэж хараасан ч амьдралын үйл лайг яалтай билээ.
Уйлж гунимаар санагдсан ч ичээд , хүн байхгүй газар очиж хашгирч уйлж орилж энэ сэтгэл дотор байгаа багтахгүй шингэхгүй байгаа зовлон гунигаа гаргая гээд зугтаан нуугдсаар ажилладаг газрынхаа дээвэр дээр гарлаа. – Сэтгэл зовоож шаналгаж байгаа гунигтай мэдээг яагаад ч нөхөртөө хэлж чадахгүй, хэлчихвэл гомдоочих юм шиг санагдаад болохгүй ч юм шиг. Ямар хэцүү орчлон юм бэ ? хоёр гараараа толгойгоо барин дотроо шаналж байснаа тэссэнгүй хашгирлаа. Хашгираад хашгираад дахиж хашгирах тэнхэл алга, дуу ч гарахгүй сөхөрч унатал нэг хүн дэргэд нь ирчисэн мөрийг нь зөөлхөн илээд байх шиг санагдлаа.
Зүс танихгүй мөртлөө сэтгэлд дотно, дулаахан харцтай сайхан хувцасласан настан байлаа-Хүү минь битгий уйл, чи өөрөө хүүхэд гаргаж чадахгүй бол өргөөд аваач. Эхнэр бид хоёр гурван өргөмөл хүүхэдтэй, тэд намайг хэзээд эцэг гэж боддог шүү. Гаргасан нь гол биш өсгөж хүмүүжүүлсэн нь гол шүү дээ. Би эхнэртэйгээ танилцахдаа элэгний хавдартай байсан, гэсэн ч нэг удаа түүнд үүнийгээ хэлээгүй, эрүүл хүн шиг бодож хүсдэг байсан учраас өдий олон жил наслаад амьд явж байна гэжээ.
-Баярлалаа та надад итгэл хайрлалаа. Үүнээс өөр арга зам бий гэдгийг богинохон бодолд ухаарууллаа гэж хэлээд нулимсаа арчаад буухдаа нэрийг нь асуухаа мартсанаа санаад эргээд иртэл өнөөх настан байхгүй байлаа. Гуниглал шаналалаа итгэл ухаарлаар арай гэж тайвшруулан амьдарч байтал нөхөр нь осолд өртөж өрөөсөн гараа сарвуугаараа тайруулж хоёр хөлөө хугалчихжээ.
Өвдөж шаналж байгаа нөхрөө сувилан асарч гурван сар гэртээ байлаа . -Яасан дуусдаггүй зовлон бэ? Гэж бодох тусам сэтгэл нь сэмэрч голдоо ортол гомдмоор. Өгсөн мөртлөө эргүүлээд авахдаа ямар чанга, ямар хатуухан авдаг юм бэ? Гэж бодсон ч -Гэсэн ч амьд үлдсэн нь нөхөртөө, хувь заяандаа баярлахаас...
Халуун биенд минь хань болсон хайр минь, хагацал гунигт багана болсон тулгуур минь гэж ингэж бодсоор бүсгүй гэрээсээ гарч -Салхинд алхдаг юм уу даа гэж бодоод алхлаа. Зөрөн өнгөрөх олны дотор нүдэнд дулаахан, онцгой сайхан хувцасласан , залуухан залуу инээмсэглэл гэрэлтүүлэн алхаж явахыг хараад гэнэт зогтусав.
Хажуугаар зөрөх хүмүүстэй халуун дотноор мэндлэн гар барьж явах нь сайхнаас сайхан, хараад хараад ханашгүй, нүд салгамгүй залууг дагаад хэсэг зуур алхлаа.
Хөл нь өөрийн эрхгүй араас нь дагаж зүтгээд болдоггүй -Ямар сайхан залуу вэ? Энэ хүнд ганцхан удаа тэврүүлж гарыг нь ганцхан удаа атгах юмсан .Үс нь хичнээн зөөлхөн байх бол, үг нь ямар сайхан санагдах бол? гэхээс сэтгэл нь хөдөлж зүрх нь догдолж булгилав.. Гэсэн ч ард минь нөхөр минь байгаа бодохоор гэж сэтгэл хоёрдовч –Хүү шиг минь хүн байна шүү дээ? ганцхан удаа ч гэсэн ярих юмсан ?гэж бодоод хараа салгаж чадсангүй дагасаар... Гэсэн ч сэтгэл нь дийлсэн бололтой ухасхийн нөгөө үл таних залуугийн араас тэврээд явуулалгүй зогсчихлоо.
Залуу гайхан эргээд харах гэтэл-Битгий эргэж хараач. Би чамайг ганцхан удаа тэврье гэсэн юм аа. Би нөхөртөө эмэгтэй, насаараа чамаас олон эгч. Гэсэн ч нүд минь чамайг олж хараад миний сэтгэл ямар их догдолж баярлаж байгааг чи мэдэхгүй. .Учир нь чи сайхан залуу учраас олон бүсгүйчүүд энэ үгийг хэлдэг байх. Чамаас хайр гэрэлтэж инээмсэглэл чинь нар шиг дэлгэрч цацарч байна. Чиний царай ямар сайхан, миний сэтгэлд хичнээн дулаан, дотно юм бэ? Царай чинь ийм сайхан болохоор сэтгэл зүрх чинь ч гэсэн үүнээс сайхан байх гээд улам ч чангаар тэвэрлээ
–Залуу юу ч дуугарсангүй –Тэг л дээ. Намайг чангахан шиг тэвэр гээд инээмсэглээд эргэж хараад бүсгүйг угтан тэвэрлээ. Хэсэг хугацаа өнгөртөл ертөнц дэлхий гэгээн итгэлд анирласан жаргал баяслыг нь үргээчих вий гэсэн шиг нам гүм. Бүсгүйн сэтгэл тайвширч зүрхэнд нь итгэл хайр, инээд хөөр жаргал эрхэлж бялуурах шиг, ичиж сандарсандаа -Одоо боллоо сэтгэл минь ханалаа, баярлалаа. гээд гараа сулруулан нүдээ нээтэл өмнө нь нар гэрэлтэж туяа татуулсан үзэсгэлэнт сахиулсан тэнгэр байлаа. Инээмсэглэн -Намайг таньж байна уу? Өөдөсхөн энхрий охин минь, Би зүрхэнд чинь итгэл өгөх гэж чамтай олон удаа уулзсан шүү гэхэд бүсгүй зовлонтой хүнд мөчүүдэд уулзаж байсан өвчтэй өвгөн, гуйлгачин , настанг саналаа. Хэлэх үг даан ч олдоггүй сандран -Үгүй ээ. Би одоо л уулзаж байна гэж хэлэхэд туяа татуулан инээмсэглэж байсан сахиусан тэнгэр -Би хамгийн сайхан залуу болоод гүүрэн дээр хүлээтэл намайг чи өнөө маргаашгүй үхэж гэж байгаа өвчтөн гэж эндүүрч харсан. Дараа нь инээмсэглэсэн өглөгч буянтай настан болоод уулзахад намайг ядуу тартагтаа тулсан гуйлгачин шиг хараад өрөвдөж тусалсан. Дээвэр дээр яая даа гэсэн гуйлгачин шиг дүрээ хувиргаад очиход настан шиг хүндэлж чин сэтгэлээсээ ярилцсан билээ. Харин одоо би үхэх гэж байгаа, өвчиндөө шаналж туйлдсан өвчтөн шиг явж байхад намайг сайхан залуу шиг хараад тэвэрчихлээ гэж үү? гэж хэлэхэд-
-Үгүй ээ, яг л тэгэж харагдаад байна. Яагаад . Би худлаа хэлээгүй байна? гэхэд тэрээр инээмсэглэж - Энэ бол итгэлийн бэлгэ тэмдэг . Итгэл чинь мөхөж унтарч байгаа үед орчлонгийн сайхан бүхэн чамд эмэгнэлтэй, хэцүү юм шиг харадана. Итгэл соёолж нахиалах тусам орчонг хорвоог өөр нүдээр харах болно. Итгэл ямар ч зүйлд ганхаж дийлэгдэхгүй бат бөх болоход ямар ч баг зүүсэн ,ямар ч дүрд хувилсан хүний зүрхэнд байгаа итгэлийг, хайрыг , чи яг л өнөөдөр намайг олж харсан шиг бусдаас олж харж чадна гэж хэлэхэд бүсгүй -Чамд баярлалаа итгэл минь гэж сөхрөн сууж уйллаа.
–Битгий уйл. Та өөрөө хичнээн сайхан үзэсгэлэнтэй юм бэ? Зүрхэнд чинь ямар сайхан сэтгэл цохилж байна вэ? Үүнийгээ бусдад бэлэглэж бусдыг хүндэтгэн дайл, харамгүй өг. Хичнээн өгсөн ч тэр дундардаггүй харин эргээд дүүрдэг юм. Битгий бусдаас харамла, нөөцөлж бүү хадгал, өгөхгүй хайрлах тусам хатаж ширгэдэг юм. Таны өчнөөн жил зүүдэлж хүлээсэн хайрлаж эрхлүүлэх гэсэн олон сайхан хүүхэд чинь энэ хүмүүс дотор явж л байгаа . Та намайг олсон шиг түүнийг хайгаад эрээд олно шүү гэж хэлчихээд гэрэл татуулан инээмсэглэсээр явлаа.
Бүсгүй баярлаж хөөрсөндөө түүний сэтгэл тогоотой цай шиг дэвэрч хонолоо. Инээд хайрандаа бүүвэйлсэн жаргал нь урт удаан юм шиг санагдаж мандах нарнаас урьтан ухасхийн бослоо. Зүрх сэтгэлд ээнэгшин дассан гэгээн зөн совин учрал эрэн хурайлах шиг .Хамгийн сайхан хувцсаа өмсөөд тэргэн тээр нөхрөө суулган түрээд итгэл хайр өвөрлөн гадагшаа гарлаа.
Итгэл минь би чамд хайртай ,зүрхэндээ чамайг оруулья .Зүрхэнд минь үүрд үлдээч, сэтгэлдээ нандигнан хадгалъя, өөр юу ч хэрэггүй. Би энэ дэлхийн хамгийн баян хүн ...
2013 он.Б.Бүжинлхам Би чамд хайртай өгүүллэг Дархан-уул
